Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам(ЭМЯ)-наас Азийн хөгжлийн банк (АХБ)-ны зээлээр хэрэгжүүлж байгаа 49173-003-MON “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ(ЭМАШТҮ)-ий хөгжлийн зөвлөх баг нь “Монконсалт ХХК”, Германы “GOPA Worldwide Consultants GmbH” болон Монгол улсын “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” төрийн бус байгууллага (ТББ)-ын төлөөллөөс бүрдсэн бөгөөд зөвлөх багийн ахлагчаар Найджел Маккарли, дэд ахлагчаар С.Сонин, чанарын удирдлагын зөвлөхөөр П.Алтанхуяг, санхүүжилтийн зөвлөхөөр Д.Чимэддагва нар ажиллаж байна. Зөвлөх багийн үйл ажиллагаа 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхэлсэн.
Зөвлөх баг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний байгууллагуудын өнөөгийн байдлын түргэвчилсэн үнэлгээ” хийж, үнэлгээний үр дүнд анализ хийж, тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, зөвлөмж гарган, ЭМЯ-ний Ажлын хэсгийн хуралд танилцуулж, дэмжигдсэн байна.
ЭМАШТҮ-ний эмнэлзүйн удирдамж боловсруулах ажлын хүрээнд “Артерийн гипертензи”, “Чихрийн шижин”, “Уушигны хатгаа”, “Зүрхний бах”, “Сүрьеэ” өвчний оношилгоо, эмчилгээний алгоритмүүдийг боловсруулж, ЭМЯ-ны Техникийн ажлын дэд хэсгийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн. ЭМАШТҮ-ний гүйцэтгэл, чанарын шалгуур үзүүлэлтүүдийг шинээр тодорхойлж, чанарын удирдлагын арга хэрэгсэл, чанар-аюулгүй байдлын сургалтын удирдамж, хөтөлбөр, чанарын үнэлгээний хуудас, чанарын хяналт-шинжилгээ, үнэлгээний шинэ тогтолцооний төслийг тус тус боловсруулан ЭМЯ-ны Техникийн ажлын дэд хэсгийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдээд, төслийн өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд туршиж, хэрэгжүүлэх зөвлөмж гарсан байна.
“ЭМАШТҮ-ний өнөөгийн байдлын түргэвчилсэн үнэлгээний үр дүн, тулгамдсан асуудлууд, зөвлөмж”, “ЭМАШТҮ-ний эмнэлзүйн алгоритмүүд (Артерийн гипертензи, Чихрийн шижин, уушигны хатгаа)”, “ЭМАШТҮ-ний гүйцэтгэл, чанарын шалгуур үзүүлэлтүүд”, “Эрүүл мэндийн нэгдмэл тусламж, үйлчилгээний “ГЭР” загварын үзэл баримтлал” сэдвүүдээр тус тус төслийн ӨЭМТ, СЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулжээ.
“Эрүүл мэндийн нэгдмэл тусламж, үйлчилгээний “ГЭР” загварын үзэл баримтлал”-ыг боловсруулан, ЭМЯ-ны Техникийн ажлын дэд хэсгийн хурлаар 2 удаа, Нийслэлийн ЭМГ-ын уулзалтаар тус тус хэлэлцүүлж, дэмжигдсэн. Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2023 оны 4 сараас эхлэн туршин хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна.