онгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл нь Улаанбаатар хотын гэр хороолол, Ховд болон Увс аймаг, сонгогдсон сумдын эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэж байна.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотойгоор зохицуулалтын орчин, удирдлагын тогтолцоо, ЭМД-ын байгууллагатай гэрээ байгуулах, тусламж үйлчилгээний чанар, гүйцэтгэлийн хариуцлага зэрэг чиглэлээр байгууллагын чадавхийг бэхжүүлэх замаар эмнэлгийн бие даасан байдлыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэхэд ЭМЯ, НЭМГ-т дэмжлэг үзүүлэн ажиллана. Аймаг, дүүрэгт баригдах шинэ эмнэлэг нь Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу үндсэн мэргэжлийн лавлагаа шатны эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлнэ. Улаанбаатар хотын Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийг Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн загвараар олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй, байгальд ээлтэй-нүүрстөрөгч багатай технологийг нэвтрүүлэн шинээр барих бол Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн БОЭТ-ийн хувьд одоогийн бүтцийг өргөтгөжшинэчлэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлнэ. Мөн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах сургалтууд зохион байгуулна.
Төслийн дэд зохицуулагч Г.Баясгалан, лавлагаа шатны тусламжийн мэргэжилтэн Б.Сэлэнгэ, зөвлөх-инженер Х.Чулуунбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг 2021 оны 8-р сарын 24-31-ний өдрүүдэд Увс болон Ховд аймагт томилолтоор ажиллан, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлага, асуудал хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, төслийн талаарх мэдээллээр хангав.
Түүнчлэн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Ховд аймгийн БОЭТ-ийн барилга болон эмнэлгийн эзэмшлийн газарт дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг судалж, шинээр баригдах эмнэлгийн барилгын газар, орчин болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцаж шаардлагатай мэдээллийг бүрдүүлж, эзэмшлийн газартай уялдуулан барилгын зураг төслийн загварыг зөвлөлдөн хэлэлцэж, дүгнэлээ.