2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл хийгдэх эрх зүйн орчин бий болж Засгийн газрын зүгээс Стратегийн худалдан авагчийн тогтолцоог бий болгохоор зорьж ажиллаж байна.
Эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр нэгдэж нэг сантай болсноор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах, хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээлэн худалдан авах, үзүүлсэн тусламж, үйлчилгээг гүйцэтгэлээр санхүүжүүлэх үйл ажиллагааг нэвтрүүлсэн юм.
Энэхүү шинэчлэлийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор ЭМЯ Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” 3843-MON, 3844-MON (COL), “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TA 9701 төслүүдийн хүрээнд үндэсний хэмжээнд ажиллах 18 сургагч багшийг 2021 онд бэлтгэн аймаг, нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчит 50 эрүүл мэндийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд чадавх бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр сургагч багш нарын хоёр дахь шатны сургалт 2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд ЭМЯ-ны А зааланд зохион байгуулагдаж байна. Сургалтыг ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул нээж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн үйл ажиллагаанд оролцож буй сургагч багш нарт талархал илэрхийлж, сургалтанд амжилт хүслээ.
Сургагч багш нарт “Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж үйлчилгээний багц, төлбөрийн аргын нэмэлт өөрчлөлтүүд, ЭМДЕГ-ын хяналтын шалгуур, журмын нэмэлт өөрчлөлт, төлбөртэй тусламж үйлчилгээний зохицуулалт, ЭМБ-ын сонгон шалгаруулах журам, ЭМДЕГ-аас ЭМБ-уудтай гэрээний хэлэлцээр хийх, гэрээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшин, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй уялдуулан хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн бодлого, зохицуулалтыг оновчтой болгох зэрэг сэдвүүдийн хүрээнд лекц, дадлагын хичээлүүд орно. Эдгээр сургагч багш нар 2022 оны 4-6 сарын хооронд төрийн болон орон нутгийн өмчит эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв зэрэг нийт 50 эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон ЭМД-ын ажилтнууд зэрэг салбарын бүхий л түвшний мэргэжилтнүүдэд танхимын болон ажлын байрны сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
Чадавхи бэхжүүлэх арга хэмжээг бүхий л эрүүл мэндийн байгууллагуудыг хамруулан явуулснаар эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилт, эмнэлэгийн хагас бие даасан байдлын шинэчлэлийн тухай бүх талууд нэгдсэн ойлголт, арга зүйтэй болсноор шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ.