АХБ-ны санхүүжилтээр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.





2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

АХБ, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5, Ковид-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилтийн төслөөс  Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг,  АХБ-ны ЭМСХХ-4,4+5,5+ НТХН-ийн зохицуулагч А.Мөнхтайван нар болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцлоо. 

Монгол улсын Засгийн газар  АХБ хооронд шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн цар тахлын эсрэг эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх,  өндөр эрсдэлтэй өвчтөний оношлогоо эмчилгээг сайжруулах зорилготой КОВИД-19-ийн яаралтай тусламжийн шинэ зээлийн гэрээг 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан.

Энэ гэрээний дагуу эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөлд хамрагдалгүй үлдээд байсан Архангай, Завхан зэрэг 8 аймгийн нэгдсэн эмнэлэгт ариутгал халдваргүйтгэлийн тасгийн иж бүрэн барилгын засварыг хийж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийлээ. Түүнчлэн  аймаг, нийслэлийн лавлагаа шатлалын бүх эрүүл мэндийн байгууллагуудад Ковид-19, SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэгдэх амьсгалын аппарат, яаралтай түргэн тусламжийн багц, эмнэлгийн ажилтны хамгаалах хэрэгсэл,  эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тусламжид нэн шаардлагатай нийт 75 нэр төрлийн 72534 эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдөөр хангав. 

Төслийн хүрээнд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн барилгын засвар тохижилтонд 353,700,000 төгрөг, багаж угаах, халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжинд 785,368,400 төгрөг, Ковид-19 болон амьсгалын замын хурц халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжинд 270,238,108.5 төгрөг, нийт 1,409,306,508.50 төгрөгний хөрөнгө оруулалт хийв. 

Энэхүү барилгын засвар, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн ачаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгал халдваргүйтгэлийн тасаг  орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болж, мэс заслын болон дурангийн давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэлт, ариутгал  олон улсын түвшинд хүрлээ.  Түүнчлэн Ковид-19 болон SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношлогоо, эмчилгээний чадавхи сайжирсанаар Монгол улсын өмнө тулгамдаж буй Коронавируст цар тахлын халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол