Вьетнам Улсын Эмийн хяналтын үндэсний хүрээлэнд танилцах аялал зохион байгуулав





ЭМСХХ-4 төслийн эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх бүрэлдэхүүний хүрээнд Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа (ХАБҮЛ) лабораторийн эмийн хяналтын лабораторийн удирдах ажилтнууд, МХЕГ-ын удирдлага, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн бүхий баг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Танилцах аялал зохион байгуулах тухай” 290 тоот тушаалаар баталсан удирдамжийн дагуу Вьетнам Улсын Ханой хотын Эмийн чанарын хяналтын үндэсний хүрээлэн /ЭЧХҮХ/-д 2014 оны 9 дүгээр сарын 8-аас 11-ний өдрүүдэд нийт 4 хоног ажиллаад ирлээ.

Танилцах аяллын явцад Вьетнамын ЭЧХҮХ-ийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт болон эмийн лабораторийн чанарын удирдлагын тогтолцоо, агуулга, түүний хэрэгжилт, баримт бичгийн бүрдэлтийн байдалтай танилцсан. ЭЧХҮХ нь 1957 онд байгуулагдсан, ЭМЯ-ны харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг, Эмийн зохицуулалтын болон Эмийн хяналтын байгууллагатай ижил статустай ажилладаг. Тус хүрээлэн үндэснийхээ итгэмжлэлийн байгууллагаар 2001 онд итгэмжлүүлсэн, ЭМЯ-ны GLP –ийн үнэлгээнд 2004 онд хамрагдаж гэрчилгээ авсан. ЭЧХҮХ нь 2008 онд ДЭМБ-ын урьдчилсан үнэлгээнд хамрагдаж ДЭМБ-ын эмийн лабораторийн жагсаалтад бүртгэгдсэн. ДЭМБ-ын урьдчилсан үнэлгээнд хамрагдаж жагсаалтад бүртгэгдэхийн тулд олон улс болон бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг ур чадварын сорилт, лаборатори хоорондын харьцуулалтын хөтөлбөрүүдэд амжилттай оролцсон байх нь чухал үзүүлэлт болдог байна.

Төлөөлөгчид ЭЧХҮХ-ийн эмийн хэлбэрийн шинжилгээний лаборатори, эмийн стандартчилсан загвар боловсруулах лаборатори, уламжлалт эмийн шинжилгээний лаборатори, гоо сайхны бүтээгдэхүүний шинжилгээний лаборатори зэрэг 4 лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцав. ЭЧХҮХ нь төсвөөс санхүүждэг тул зээл дээрх тандалт судалгааны шинжилгээг үнэгүй гүйцэтгэдэг, харин бусад, цагдаа, гаалийн байгууллагаас ирсэн хяналтын шинжилгээний төлбөрийг тухайн байгууллагаас гаргуулдаг тухай танилцуулсан.

Лабораторийн удирдлагатай дараах чиглэлүүдээр хамтарч ажиллахаар ярилцаж, цаашид чиглэл тус бүрээр гэрээ байгуулж ажиллахаар тохиролцов. Үүнд:

  1. ХАБҮЛЛ-ийн ажиллагсдыг шинжилгээний онцлог арга, аргачлалын дагуу сургах;
  2. Эм шинжлэгч нарыг солилцох, харилцан туршлага судлах;
  3. Вьетнам Улсын ЭЧХҮЛ –ээс зохион байгуулж байгаа лабораторийн ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцох;
  4. Вьетнам Улсын ЭЧХҮЛ-оос шаардлагатай стандартчилсан загвар худалдан авах;
  5. Техникийн дэмжлэгийн авах (бүс нутгийн хяналтын лабораторийн сүлжээ, ДЭМБ-ын дэмжлэг, хяналтын лабораторийн олон улсын мэргэжлийн холбоод);
  6. Бүс нутгийн хэмжээндээ эрдэм шинжилгээ, судлагааг хамтарч явуулах, хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцох боломжийг судлах.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол