АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4,4+ төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт баригдсан жишиг нэгдсэн эмнэлэгт АХБ-ны Зүүн Азийн газрын захирал М.Тереза Кхо тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 3 дугаар сарын 12-ны бямба гарагт зочиллоо.
Энэ арга хэмжээнд МУЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Энхболд, НЗД-ын орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн ЭМГ-ын дарга Ц.Бямбадорж, болон АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандра, нийгмийн салбар хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4,4+,5,5+ нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван нарын албаны хүмүүс оролцлоо.
МУЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ АХБ-ны 1991 оноос хойш оруулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулсан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн жишгээр төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-зүрх дүүргийн эмнэлэг баригдах болсоныг онцоллоо. Мөн энэ төслийг Улаанбаатар хот төдийгүй аймаг, орон нутагт хэрэгжүүлэх замаар хөдөө нутгийн хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нь нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын мэндчилгээг уламжлан, АХБ-наас Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд оруулж буй хувь нэмэрийг өндрөөр үнэлж түүнийг Улаанбаатар хотын хүндэт иргэн цол, тэмдгээр шагнасныг гардуулж өглөө.
АХБ-ны Зүүн Азийн газрын захирал М.Тереза Кхо тэргүүтэй төлөөлөгчид СХДНЭ-ийн үйл ажиллагаатай танилцаж, тасаг нэгжээр зочлоод эмнэлгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.