Аймаг, нийслэлийн 800 орчим эмч, мэргэжилтэн онлайнаар “Коронавируст болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвартай өвчтөний оношилгоо, эмчилгээ” сургалтанд хамрагдана.
АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5, КОВИД-19-ийн онцгой байдлын тусламжийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад КОВИД-19, SARS амьсгалын замын хүнд, хурц халдварын хүндрэл, уушигны хатгалгааны үед хэрэглэх эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж, амьсгалын аппарат, яаралтай тусламжийн багц, хамгаалах хувцас хэрэгслийг хангах ажлыг амжилттай хийсэн.
Төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн лавлагаа шатлалын 51 эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд зориулан ЭМЯ-ны үндэсний хэмжээний эмнэлзүйн зөвлөх багтай хамтран “ Коронавируст болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвартай өвчтөний оношилгоо, эмчилгээг сайжруулах” сэдвээр 5 удаагийн 2 өдрийн цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн.
Эхний сургалт 2021 оны 6 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болж УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, АӨСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, НӨАГ, НААГ, ЭНЭҮТ-2 зэрэг төв, төрөлжсөн мэргэжлийн 180 эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд цахимаар хамрагдлаа.
Сургалтанд ЭМЯ-ны дэргэдэх үндэсний хэмжээний эмнэлзүйн зөвлөх багийн доктор профессорууд болон ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Коронавируст халдвар болон амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдварын сэргийлэлт, хяналт, оношилгоо, эмчилгээ, тархвар судлал, коронавируст халдварын дараах эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд тохиолдолд суурилсан сургалтыг явууллаа.
Сургалтанд оролцсон эмч, мэргэжилтнүүд сургалт зохион байгуулсан ЭМЯ, ЭМСХХ-5 төсөл болон эмнэлзүйн зөвлөх багийнханд хандан “цаг үеэ олсон, хэрэгтэй сайн сургалт болсон” талаар талархалаа илэрхийлсэн байна.