Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах” Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл /“ЭМСХХ-5”/ хэрэгжсэн. 2013-2019 онд хэрэгжсэн энэ төслийн үр дүнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлж, устгах орчин үеийн технологи нэвтэрчээ. Төслийн үр дүнгийн талаар энэ ажил эхэлсэн 2013 оноос 2019 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэтулгатай ярилцлаа. Тэрбээр одоо Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн мэс засалч хийж буй юм.
-Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслийн хүрээнд Дарханы Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулахаас эхлээд хадгалж, халдваргүйжүүлэх олон улсын стандарт нэвтэрчээ. Энэ нь эмнэлгийн үйл ажиллагаанд ямар эерэг өөрчлөлт авчирсан бэ?
-Дарханы нэгдсэн эмнэлэгт ЭМСХХ-5 төслөөс нийт дөрвөн багц төсөл хэрэгжсэн. Үүнд:
Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах төсөл /Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Нян судлалын лабораторийн шинэчлэл/
ЦССҮТ-ийн Дархан-Уул аймаг дахь салбарт төвийг ЦССҮТ-ийн дараа улсдаа хоёрдугаарт эрэмбэлэгдэх бааз суурь болгох зорилт бүхий “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх” төсөл
Эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжсэн. Энэ төслүүд бүгд маш амжилттай хэрэгжиж, Дарханы иргэд үр өгөөжийг нь хүртэж байна.
Тиймээс энэ удаа зөвхөн “Хог хаягдлын менежментийг сайжруулах” төслөөр хязгаарлахгүй, төслийг багцлаад ярих нь зүйтэй гэж бодож байна. Энэ бол зөвхөн Дарханы Нэгдсэн эмнэлэг төдийгүй Монгол Улсын хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчид үр ашгийг нь хүртсэн хамгийн том төсөл байсан. Төсөл хэрэгжих явцад надад гурван зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт, төслийг зохицуулагч, захиалагч, гүйцэтгэгч гэсэн гурван бүрэлдэхүүн нягт уялдаа холбоотой ажилласан. Хамтран ажиллагч талуудын аль нэг нь хойш суувал ажил урагшлахгүй. Тэгвэл энэ төсөл дээр захиалагч байгууллага гүйцэтгэгч компанитайгаа нягт уялдаатай, алхам бүрдээ санаа оноогоо ярилцаж гар нийлж ажилласан. Хоёрдугаарт, Эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх сургалтад маш сайн сургалтад хамруулсан. Гуравдугаарт, Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажилдаа хандах хандлагад өөрчлөлт оруулж, зөв дадал хэвшлийг эзэмшүүлсэн.
-Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн төслөөс хүртсэн өгөөжийг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-“ЭМСХХ-5” төсөл Дарханы Нэгдсэн эмнэлэгт хэрэгжсэн нь эрэлт хэрэгцээгээ мэдэрч, цаг үеэ олсон ажил болсон. Манай эмнэлгийн тухайд төсөл хэрэгжихээс өмнө өвчтөн болон эмч, сувилагчдын аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаагүй байсан. Төсөл хэрэгжсэнээр эмнэлгийн хэмжээнд хоёр гурван нэгжийг дээд түвшинд нь хүргэсэн гэж үздэг. Тухайлбал, Эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах төсөл байна. Энэ төсөл хэрэгжихээс өмнө бохир багажаа ариутгалд өгөөд, бохир багаж өгсөн газраасаа ариутгасан багажаа авах зэргээр эмнэлгийн урсгал буруу байв.
Мөн эмнэлгийн зориулалтын биш ердийн агааржуулалтын системтэй. Талбайн хэмжээ бага, гэрэлтүүлэг муу зэрэг шалтгааны улмаас эмнэлгийн дотоод халдвар тархах магадлал өндөр байлаа. Төслийн санхүүжилтээр энэ бүх асуудлыг төгс шийдэж, Ариутгалын тасгийн үйл ажиллагаа өндөр түвшинд хүрсэн. Тухайлбал, Ариутгалын тасагтай залгаа байсан эмчилгээний бусад хэсгийг шилжүүлж, Ариутгалын тасгийн талбайг олон улсын стандартад нь хүргэж хуучнаас 2.5 дахин нэмэгдүүлэн засвар, шинэчлэл хийж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангасан. Дээр нь шинэ тоног төхөөрөмжүүдээ ашиглах, халдвар хамгааллаас сэргийлэх олон удаагийн багц сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулсан. Бид өмнө нь эмнэлгийнхээ ариутгалд итгэдэггүй байлаа. Одоо 100 хувь итгэлтэй болсон.
Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөө 100 хувь ариутгах болсноор үйлчлүүлэгч болон эмч, мэргэжилтнүүд дотоод халдварт өртөх эрсдэлгүй болсон.
-Ариутгал халдваргүйжүүлэлт чанарын шаардлага бүрэн хангагдсаныг Та юугаар нотлох вэ?
-2013-2014 онд намайг эмнэлгийн дарга байхад хагалгааны хүндрэл их гардаг, хэл ам болдог байв. Мэс засалд орсноос хойш 7-8 хоногийн дараа “шарх идээллээ” гэж буцаад ирэх тохиолдол цөөнгүй. Мөн төрөхтэй холбоотой хүйн халдвар гарна. Учир шалтгааныг ярихад эмч нар маань Ариутгалын тасгаа буруутгадаг, Ариутгалынхан нь “зүгээр” гэдэг байлаа. “ЭМСХХ-5” төслийн үр дүнд хагалгааны дараа шарх идээлэх хүндрэл гарахаа больсон нь асуудал ариутгалын чанар хангалтгүй байсныг гэрчилдэг. Гэхдээ энэ нь ажилтнуудын буруу гэхээс илүү ариутгалын тоног төхөөрөмж хэт хуучирсантай холбоотой байсан.
Мөн үйлчлүүлэгчийг эмнэлгээс халдвар авах эрсдэлд өртөхөөс сэргийлж чадсан нь энэ төслийн бас нэг гавьяа. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөө 100 хувь ариутгах болсноор үйлчлүүлэгч болон эмч, мэргэжилтнүүд дотоод халдварт өртөх эрсдэлгүй болсон.
-Хог хаягдлаа стандартын дагуу халдваргүйжүүлж, устгах нь эмнэлгийн аюулгүй ажиллагааны нэг чухал хэсэг гэж үздэг. “ЭМСХХ-5” төслөөс эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ямар ажил хийсэн бэ?
-Манай эмнэлгийн хог хаягдал хадгалах хуучин байшин 50 ам.метр талбайтай байсныг 120 ам.метр болгон өргөтгөж, засварласан. Тэндээ эмнэлгийн тусгай хог хаягдлыг цуглуулах, бусад эмнэлгээс хүлээж авах, жинг үзэх, халдваргүйжүүлэх, халдваргүйжүүлсний дараа хадгалах, тээвэрлэх гэх мэт үе шат бүхнийг аюулгүй ажиллагааны стандартад хүргэсэн. Энд үйлчилгээ үзүүлдэг ажилчид амрах байртай, ажлын дараа халдвар хамгааллын дэглэмийн дагуу усанд орох хэсэгтэй болгосон. Хог хаягдлыг цуглуулах, хадгалах, халдваргүйжүүлэх, устгалд оруулах бүх үе шатууд стандартчилагдсанаар эмнэлгийн дотоод халдвар аяндаа буурсан. Олон удаагийн сургалтууд явагдсан учир эмнэлгийн ажилтнуудын хариуцлага, хандлага ч шинэ шатанд гарсан.
-Танай эмнэлгийн хувьд аюултай хог хаягдлаа өмнө нь ямар аргаар устгадаг байв?
-Халдваргүйжүүлээд бутлах, булах, шатаах гэх мэт арга хэрэглэж байсан. Шатаахад үнэр гарна, байгаль орчинд хортой. Бутлахад эмнэлгийн ажилтнууд халдварт өртөх эрсдэлтэй гээд асуудал гардаг байлаа. Одоо бол тусгай хог хаягдлыг аюулгүй хайрцагтай нь зөөж, өндөр даралттай уураар ариутгах төхөөрөмждөө /автоклав/ хийж халдваргүйжүүлээд хаядаг. Тэгэхээр эмнэлгийн ажилтан халдварт өртөх эрсдэлгүй болж байна. Энэ бол эмнэлгийн тусгай хог хаягдлыг халдваргүйжүүлж, устгах олон улсын стандарт хангасан технологи. Төслийн хүрээнд гарсан нэг ололт нь хог тээвэрлэх тусгай машин жолоочтой, бас нэг орон тооны ажилтантай болсон. Өмнө нь ганц жолооч машинаа барьж яваад хогоо цуглуулж, тээвэрлэх нь хүндрэлтэй байсан.
-Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх хог хаягдал халдваргүйжүүлэх цэгт Дархан-Уул аймгийн бусад эмнэлэг хогоо нийлүүлж, устгалд оруулдаг юм байна. Тийм үү?
-Тийм ээ. 2020 онд аймгийн төвийн хэмжээнд жилд 50 мянган кг хог устгалд оруулснаас 35 мянган кг нь Нэгдсэн эмнэлгийн хог байсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэг удаагийн багаж, хэрэгслүүдийн хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа энэ үед эмнэлгийн хог хаягдлын хэмжээ ихэснэ. Тэгэхээр төслийн үр дүнгээр бий болсон энэ чадамж, нэгэнт тогтсон хэвшлийг улам сайжруулаад, цаг үеэ дагаад хөгжөөд явна. Энэ стандарт алдагдвал иргэд болон эмнэлгийн ажилтнууд гомдол гаргана. Тиймээс эмнэлгийн аюулгүй ажиллагааны менежментийн нэг чухал хэсэг үздэг. Сүүлийн хоёр жилд манай эмнэлгийн хог хаягдлын менежментэд зарцуулдаг төсөв нэмэгдэж, улам боловсронгуй болж байна.
-Төслийн санхүүжилтээр тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчлэхээс гадна эмнэлэгт олон шинэ тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Шинэ технологийг ашиглах эмч, мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэсэн бол?
-Эмч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах нь төслийн бас нэг том ажил байсныг онцлох нь зүйтэй. Шинэ аппарат тоног төхөөрөмжүүдээ ашиглах, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, хог хаягдлыг хэрхэн цуглуулж, хадгалж, халдваргүйжүүлж тээвэрлэх зэрэг чиглэлээр эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан сургалтуудыг дээд түвшинд нь зохион байгуулсан. Хүний нэгэнт дадсан хандлагыг өөрчлөх амаргүй байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр манай эмнэлэг үйл ажиллагааны хувьд шинэ шатанд гарсан, ажилтнуудын идэвх санаачилга нэмэгдсэн. “ЭМСХХ-5” төслийг дагаад эмнэлгийн бусад тасаг нэгжүүдээ энэ жишгээр засварласан. Эмч ажилчдын маань урам зоригийг сэргээсэн гайхалтай үр дүнтэй төсөл болсон гэж бид дүгнэдэг. Бид төслөө 2019 оны долоодугаар сарыг хүртэл хэрэгжүүлж, үйл ажиллагаа жигдэрсэн. Түүнээс хойш манай хамт олон хүрсэн амжилтаа улам баталгаажуулаад амжилттай ажиллаж байна.
Төсөл хэрэгжсэнээр манай эмнэлэг үйл ажиллагааны хувьд шинэ шатанд гарсан, ажилтнуудын идэвх санаачилга нэмэгдсэн.
-Дархан-Уул аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Аюултай халдварын үед эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм сахиж алдаагүй ажиллахад төслийн нөлөө байсан болов уу?
-Халдвар хамгааллын аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, коронавирусийн халдварын үеийг давах чадамж бүрдсэн байсан. Халдвартай зүйлтэй яаж харьцах, өөрийгөө хамгаалах тал дээр эмч, мэргэжитнүүд маш сайн суралцсан нь тэр үед харагдсан. Хэрэв “ЭМСХХ-5” төсөл хэрэгжээгүй бол энэ талаар нэг алхам хойно байх байсан гэж бодогддог. Гэхдээ Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг халдвартай иргэдэд эмчилгээ хийгээгүй. Халдвартын эмнэлэгтээ 1-2 хоног тусгаарлаад ХӨСҮТ рүү шилжүүлж байсан.
-Цаг гаргаж төслийн үр дүнгийн талаар ярилцсан Танд баярлалаа.
-Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам, “ЭМСХХ-5” төслийн хамт олонд эмнэлгийн хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний хэрэгжүүлсэн төсөл Дарханы ард иргэдэд ач тусаа өгч, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд том дэмжлэг болсныг онцлон хэлэхэд таатай байна.
[gallery][img]http://hsdp.unicon.mn/public/image/original/211.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/22.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/23.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/25.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/24.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/7.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/8.jpeg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/9.jpeg[/img][desc][/desc]
[/gallery]