ЭМСХХ-3 төслийн зөвлөх багийн боловсруулсан “Анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхийг сайжруулах” болон “Шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх ба хаалга барих” техникийн тайлангуудыг хэлэлцүүлэх семинарыг 2010 оны 6-р сарын 30-ны Континенталь зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав.
Семинарт ЭМЯ-ны 1-р ажлын хэсгийн гишүүд болон бусад оролцогч талууд уригдсан байна. Эхний хэсгийн хэлэлцүүлэгт “Өрх/сумын эмч, сувилагч, багийн бага эмчид тавигдах шаардлага” илтгэлийг үндэсний зөвлөх Т. Навчаа, “Анхан шатанд ажиллаж буй эмч, мэргэжилтний мэргэжил дээшлүүлэлтийн өнөөгийн байдал Давтан сургалтын сэдэв, сургалт зохион байгуулах арга, өртөг” итгэлийг үндэсний зөвлөх Б.Оргил нар тавьж хэлэлцүүлснээс гадна “Эмч мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрүүдийн уялдаа холбоо тасралтгүй чанар” илтгэлийг ЭМГ-ын Эмнэлгийн мэргэжилтний сургалт судалгаа, зөвшөөрлийн хэлтсийн мэргэжилтэн Д. Авирмэд тавьжээ.
Семинарын 2-р хэсэгт “Монгол улс дахь шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх ба хаалга барих өнөөгийн тогтолцоон дахь шийдвэрлэх асуудлууд” илтгэлийг T. Навчаа тавсан бол “Шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх ба хаалга барих тогтолцооны талаархи олон улсын туршлага, Өрхийн эмнэлгээ сонгон бүртгүүлэх” хэмээх сонирхолтой илтгэлийг олон улсын зөвлөх Kees Schaapveld тавьж хэлэлцүүлэв.
Семинарт оролцогсод GVG зөвлөх багийн боловсруулсан тайлангуудыг дэмжиж байснаас гадна сувилагч, бага эмч нараас 4 жилийн сургалтаар эмч бэлтгэх болон манай улсад хэрэгцээнээсээ олон эмч бэлтгэж буйг анхааралдаа авах нь зүйтэй гэж үзэж байлаа.