Эмнэлгүүдийн Ариутгалын тасгийг олон улсын стандартад хүргэснээр цар тахлын үед ажиллах бэлэн ...





Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 /ЭМСХХ-5/ төсөл манай улсын эрүүл мэндийн салбарт 2013-2021 онд амжилттай хэрэгжиж, дуусах шатандаа ороод байна. Үндэсний хэмжээнд цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, Хот, хөдөөгийн эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгүүдийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажилласан төслийн үр дүнг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ийн дүгнэж байна. 


 
-ЭМССХ-5 төслийн ач холбогдлыг Та хэрхэн үнэлж байна вэ? Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цус, цусан бүтээгдэхүүнийг цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах зэрэг шат дамжлагат бүх үйл ажиллагаа нь олон улсын стандартад хүрснийг дүгнэж, олон улсын байгууллага магадлан итгэмжлэл олгожээ. Энэ төслийн үр дүнд бий болсон чанар, стандартыг алдуулахгүй, тогтвортой авч явахад ЭМЯ болон төр засгаас хэрхэн анхаарал хандуулах вэ? 
-Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр  2013 оноос эхлэн хэрэгжиж, одоо дуусах шатандаа ороод байна. Нийт 38.19 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн төсөл манай улсын эрүүл мэндийн байгууллагуудад амжилттай хэрэгжлээ. 

Төслийн хүрээнд ЦССҮТ-ийн шинэ барилгыг ашиглалтанд оруулж, орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглолоо. Цус цуглуулах, үйлдвэрлэх, хадгалах, хэрэглэгчид хүргэх, үр дүнд хяналт тавих гээд бүхий л үе шатуудад шинэ технологи (нийт 13), инновацийг нэвтрүүллээ. Үүнд, Улаан эсийг глицеринжүүлэн хөлдөөж, хадгалах, эсийн бүтээгдэхүүний рентген туяагаар шарах,  эмгэг төрөгчийг идэвхигүйжүүлэх зэргийг дурдаж болно. Цус үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд тавигдах эрх зүйн болон үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсруулж, шинэчилсэн. Мэдээллийн технологийг ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлуудыг хийж, боловсон хүчнийг  чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулсан. Мөн цусны донор зохион байгуулалтыг шинэ шатанд гарган авлагагүй донорын эгнээг  нэмэгдүүлсэн гээд  “Цусны аюулгүй байдал”-ийн чиглэлээр олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Энэ шинэчлэлийн үр дүнд ЦССҮТ-ийн үйл ажиллагааны чанар олон улсын түвшинд хүрснийг баталж, Лондон хотод төвтэй “Lloyd's Register Quality Assurance (Shanghai) Co., Ltd – олон улсын байгууллага ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг 2019 онд гурван жилийн хугацаатай олгосон. 

Хэдийгээр донорын тоо нэмэгдсэн ч эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологитой холбоотойгоор аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгцээ өссөөр байгаа нь бидний анхаарах ёстой асуудал юм.   

-Төслийн үр дүнд цусны донорын хөдөлгөөн эрчимжсэнийг Та онцлон тэмдэглэлээ. Манай улсад донорын тоо хэрхэн нэмэгдсэн бэ? 
-2011 онд нийт хүн амын 0.7 хувь буюу жилд 20 мянган донор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж байсан бол эдүгээ энэ тоо 30.000 болж өсөөд байна. Хэдийгээр донорын тоо нэмэгдсэн ч эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтэрч буй шинэ технологитой холбоотойгоор аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгцээ өссөөр байгаа нь бидний анхаарах ёстой асуудал юм.   

-Төслийн санхүүжилтээр улсын хэмжээнд томоохон эмнэлгүүдийн халдвараас сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүллээ. Эмнэлгээр үйлчлүүлэгч болон эмч, мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлд хүрсэн үр дүнгээ хэрхэн хадгалах, цаашид энэ чиглэлээр ямар бодлого барьж ажиллах вэ? 
-Төслийн хүрээнд УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ гээд  төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, БОЭТ-үүд, аймгуудын нэгдсэн эмнэлэг гээд нийт 27  эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамрагдсан. Төслөөр: төвлөрсөн ариутгалын тасгуудыг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалттай,  агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож, багаж угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах дамжлагуудыг автоматжуулах орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 66.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шинэчлэлийг хийлээ. Мөн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудад хамрууллаа. 

Төсөлд хамрагдаж амжаагүй долоон аймгийн нэгдсэн эмнэлэгт АХБ-ны нэмэлт санхүүжилтийн зээлийн дагуу энэ хавар дээрх төсөл хэрэгжих юм. Ингэснээр Монгол Улсын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн халдварын сэргийлэлт, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаа олон улсын стандартын түвшинд хүрэх юм. Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ Ковид-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэж буй нь эмнэлгийн орчин дахь халдвараас үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудыг сэргийлэх, тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах орчин нөхцөлийг бүрдүүлсэн маш чухал ажил боллоо. 

-АХБ-наас манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх томоохон хөрөнгө оруулалтуудыг 1993 оноос эхлэн хийсээр байна. ЭМСХХ-5 төсөл амжилттай хэрэгжээд хааж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай эрүүл мэндийн салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллахыг сонирхмоор байна?

-Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл Баримтлал -2030, “Алсын Хараа-2050” Монгол Улсын Урт Хугацааны Хөгжлийн Бодлого зэрэг баримт бичгүүд тусгагдсан чанартай, хүртээмжтэй, санхүүгийн эрсдэлээс хамгаалагдсан эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд үзүүлэхэд чиглэсэн тогтолцооны шилжилт хийхэд АХБ  Монгол Улсын Засгийн газартай 1993 оноос хойш хамтран ажиллаж байна.  АХБ-ны санхүүжилтээр ЭМСХХ-1,2,3,4,5 төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. 2020 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын газар АХБ-ны зээлийн хэлэлцээр болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх ЭМСХХ-6 төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зураад байна.  

-ЭМСХХ-6 төслийг ямар чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ? 
ЭМСХХ-6 төсөл нь “Эмзэг Бүлгийн Иргэдийн Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Хүртээмжийг Сайжруулах Хөрөнгө Оруулалтын Хөтөлбөр” (ЭМСХХ 6) юм. Энэ төсөл:

Хот, хөдөөгийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх, аймаг, дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, стратегийн худалдан авалтын загварыг бэхжүүлэх , Мөн эрүүл мэндийн салбарын холбогдох төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагаа болон санхүүгийн удирдлагын чадавх бэхжүүлэх гэсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй бөгөөд гурван үе шаттайгаар арван жилийн хугацаатай хэрэгжинэ.  
Энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасгуудаар цогц үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийг Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ашиглалтад оруулах юм. Түүнчлэн Ховд, Увс аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүчин чадлыг өргөжүүлэх, Улсын түргэн тусламжийн төвийг шинэчлэн сайжруулж, анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор зургаан сумын эрүүл мэндийн төв, нийслэлд 10 өрхийн эрүүл мэндийн жишиг төвийг байгуулах юм. Хан-Уул дүүргийн эмнэлэг болон зарим өрхийн эмнэлэгт эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон агааржуулалтын систем, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай шинэлэг шийдлүүдийг ашиглахаар төлөвлөн бэлтгэл ажилдаа ороод байна.   


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол