Цусны алба нь эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, нөөц хангамжийг хариуцан ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд ЦССҮТ, орон нутагт 26 цусны салбар төв иргэдэд донорын сургалт сурталчилгааг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж, цус цуглуулах, шинжлэх, цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагааг олон улсын стандартыг баримтлан гүйцэтгэж байна.
Төрөхийн хүндрэл, авто осол, гэмтэл, түлэгдэл, хавдар, цусны эмгэгүүд нэмэгдэж, эмчилгээний шинэ технологиуд нэвтэрснээр цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тутам нэмэгджээ. Иймд цусны донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулснаар цусаа өгөх донорын тоо хурдацтай өссөөр байна.
2013 онд улсын хэмжээнд 23000 донор цусаа өгсөн бол 2020 онд энэ тоо 35600 болсон байна.
"Дэлхий дахинд төлбөртэй, гэр бүлийн, сайн дурын авлагагүй гэсэн гурван төрлийн цусны донор байдаг. Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх нь аюулгүй цус цусан бүтээгдэхүүний хангамж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. ДЭМБ-аас улс орнуудыг 2020 он гэхэд ямар нэгэн авлагагүй, сайн дурын донороос л цус цуглуулахыг уриалсан юм. Монгол Улс 1994 оноос сайн дурын, авлагагүй донорын эгнээнд шилжих энэ уриалгад нэгдэн, 2016 онд 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донортой орны эгнээнд шилжсэн" хэмээн ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг ярьсан юм.
Цусны донорын эгнээг өргөжүүлэх ажлыг олон талт хэлбэрээр зохион явуулсны үр дүнд 2013 онд улсын хэмжээнд 23 мянган донор цусаа өгсөн бол 2020 онд энэ тоо 35600 болсон байна. Хоёр болон түүнээс дээш цусаа өгсөн байнгын донорын тоо 2014 онд нийт цус цуглуулалтын 38 хувийг эзэлсэн бол 2020 оны байдлаар 65 хувь болж, мөн л өсжээ. ДЭМБ-аас цус цуглуулалтын 60 хувийг байнгын донороос цуглуулбал цусны аюулгүй байдлыг хангана хэмээн зөвлөдөг. Манай улсын цусны алба энэ үзүүлэлттэй дүйж байна. Эдгээр амжилтад хүрэхэд 2013-2019 онд Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр-5 (ЭМСХХ-5) төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн юм.
НЭГ УДАА ЦУСАА БЭЛЭГЛЭХЭД ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭНЭ
Хүндэт донор Ж.Өсөхбаяртай ярилцсанаа хүргэе.
-Миний нэг удаа өгсөн цусаар эмч нар гурван хүний амь авардаг гэж бодохоор сайхан байдаг. Иймээс тогтмол хугацаанд цусаа өгдөг, байнгын донор болсон. Одоогоор нийт 55 удаа цусаа бэлэглэжээ. Цус цусны бүрэлдэхүүн хэсгээ 35 удаа өгсөн хүн Монгол улсын “Хүндэт донор”гэсэн эрхэм цолны эзэн болдог.
Өмнө нь би цусны донорууд тусдаа хүмүүс гэж боддог байв. Өөрөө цусаа өгч донор болсныхоо дараа л 17-60 насны, ямар нэг архаг хууч өвчингүй, өөрийгөө эрүүл гэж бодож буй хүн бүхэн донор болох боломжтойг мэдсэн. Донорууд хүмүүсийн амь насыг аварч, олон гэр бүлд аз жаргал баяр баяслыг авчирдаг эрхэм үйлстэн.
Би A (II)бүлгийн цустай. Нийт хүн амын 22-23 хувь нь A бүлгийн цустай байдаг юм билээ. Зуны улиралд А бүлгийн цустай хүмүүсийн эрэлт их болдог. Нийт хүн амын 7 хувь нь AB бүлгийн цустай буюу хамгийн ховор нь AB бүлэг байдаг юм байна лээ. Тэгэхээр цусны бүлэг бүрийн донортой байх шаардлагатай. Цусны төв дээр бүхэл цусаа өгөхөөс гадна цусныхаа сийвэн болон ялтаст эсийг дангаар өгөх боломжтой байдаг.
-Та хамгийн сүүлд хэзээ цусаа өгсөн бэ?
-20 гаруй хоногийн өмнө өгсөн. Эрэгтэй хүн 2, эмэгтэй хүн 3 сарын давтамжтайгаар цусаа өгөх боломжтой. Иймд хоёр сар тутам цусаа өгөхийг хичээдэг. Цусны төвөөс доноруудтайгаа байнга холбоотой байдаг, утсаар цусаа өгөхийг урих, ямар нэгэн тэмдэглэлт баярын өдрүүдэд мэндчилгээ, урилга илгээдэг нь надад их сайхан санагддаг.
Зуны улиралд А бүлгийн цустай хүмүүсийн эрэлт их болдог.
-Донор болсноор таны эрүүл мэндэд ямар эерэг нөлөө үзүүлдэг юм бэ?
-Хүн тогтмол хугацаанд цусаа өгснөөр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг гэсэн судалгаа байдаг. Эрэгтэй хүний цус хурдан өтгөрөх хандлагатай тул эрэгтэй донорт энэ эрсдэл бага тохиолдоно. Тэгэхээр бидний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэж боддог. ДЭМБ-аас аль болох залуучуудыг цусны донорын эгнээнд элсүүлэхийг зөвлөдөг. ЦССҮТ, МУЗН хамтран цусны донорын сургалт сурталчилгааг зохион байгуулах, донор элсүүлэх тал дээр байнга хамтран ажилладаг. Бид залуу үеийг донорын үйлсэд татан оролцуулахад түлхүү ажиллаж, олон компанит ажлыг хамтран амжилттай зохион байгуулж байна. Сүүлийн үед залуучуудын дундах цусны донорын мэдлэг нэмэгдэж байгаа нь ажиглагдаж, цусаа өгөх нь нэмэгдсэн. Цусаа өгөхийн өмнө тухайн хүн сайн унтаж амрах, шингэн аль болох ахиу уух, өөх тостой хоол унд идэхгүй ирэхийг зөвлөдөг.
Зөвхөн О (I) бүлгийн цустай хүн л донор болдог гэх буруу ойлголт түгээмэл байв. Харин одоо бараг бүх хүн дөрвөн бүлгийн цус тухайн бүлэгтээ илүү тохирдгийг мэддэг болсон. Одоо гагцхүү цусаа бэлэглэх үйлдэл л бидэнд дутагдаж байна. Донорууд нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амийг авардаг. Нэг донороос авсан цуснаас улаан эс, сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, тухайн бүтээгдэхүүн хэрэгтэй хүмүүсийн эмчилгээнд хэрэглэдэг юм.
Донорууд авахаасаа өгөх нь ерөөлтэй хэмээх зарчмыг мөрдөн, идэвхтэн донор Ж.Өсөхбаярын адил цусаа бэлэглэсээр. Тэд би ажилтай хэмээн цус өгөхөө хойш тавьсангүй, зам түгжрэлтэй байна хэмээн цааргалсангүй. Бусдын эрүүл мэнд, элэг бүтэн амьдралын төлөө цусны донорын үүргээ бахархалтайгаар биелүүлсээр байна.
Донорууд авахаасаа өгөх нь ерөөлтэй хэмээх зарчмыг мөрдөн, идэвхтэн донор Ж.Өсөхбаярын адил цусаа бэлэглэсээр. Тэд би ажилтай хэмээн цус өгөхөө хойш тавьсангүй, зам түгжрэлтэй байна хэмээн цааргалсангүй.
ЭМСХХ-5 төслийн хүрээнд донорын эгнээг өргөжүүлэх, 23 мянга байсан донорын тоог 35600-д хүргэхийн тулд дараах ажлуудыг амжилттай хийсэн юм.
Нэг. Донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор сайн дурын сургагч нарыг бэлтгэх сургалтыг шат дараатай амжилттай зохион байгуулсан. Эхний ээлжинд ЦССҮТ болон цусны 26 салбар төвийн эмч мэргэжилтнүүдэд, дараагийн ээлжинд МУЗН-ийн дунд шатны хорооны арга зүйч нар, Монголын донорын холбооны сайн дурын гишүүдийг хамруулжээ. Мөн ЦССҮТ-ийн эмч мэргэжилтэн, төслийн зөвлөх нар хамтран орон нутагт бүсчилсэн хэлбэрээр таван удаагийн сургалт зохион байгуулсан байна. Улсын хэмжээнд нийт 130 гаруй сургагч багш бэлтгэсэн нь иргэдийн дунд цусны донорын тухай мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, донорын эгнээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм.
Хоёр. Төслийн хүрээнд хийсэн дараагийн ажил нь Монгол Улсын хүн амын дунд цусны донорын мэдлэг, хандлагыг үнэлсэн судалгаа бөгөөд 2015, 2019 онд давтан судалгаа хийжээ. Судалгаанд төлөөлөл болгон нийт 3000 гаруй иргэнийг хамруулахад эхний судалгаагаар иргэдийн дунд цусны донорын талаарх мэдлэг, хандлага, дадал төдийлэн хангалтгүй байна гэсэн үр дүн гарчээ.
Энэ нь цаашид нотолгоонд суурилсан олон талт сургалт сурталчилгаа явуулах, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг цөөнгүй үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг болсон байна. Харин давтан судалгааны дүнгээр дээрх үзүүлэлтүүд илүү сайжирчээ.
Гурав. Хүн амын дунд сайн дурын, авлагагүй цусны донорын талаарх мэдлэг, хандлага, дадлыг нэмэгдүүлэх донорын сургалт сурталчилгааны кампанит ажил зохион байгуулсан. ЭМСХХ-5 төслийн зардлаар нийт 42 нэр төрлийн сургалт, сурталчилгааны материал (гарын авлага, зурагт хуудсууд) бэлтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн ба олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд донорын сургалт сурталчилгааг амжилттай зохион байгуулсан.
Иргэдийн дунд нийтлэг байдаг буруу ойлголтуудыг залруулахын тулд шинжлэх ухаанч, үнэн зөв мэдээллийг, энгийн хэлбэр, сонирхолтой аргаар хүмүүсийн насны бүлэгт тохируулан, фото, видео контентууд бэлтгэж хүргэжээ. Донорын сургалт сурталчилгааны материал, гарын авлагыг казах хэл дээр орчуулан Баян-Өлгий аймгийн иргэдэд түгээсэн байна.
2019 онд донорын мэдлэг хандлагыг тодорхойлох хоёр дахь судалгааг авахад дараах өөрчлөлтүүд гарчээ.