АХБ 1991 оноос хойш Засгийн газартай хамтран ажиллаж буй, манай улсын томоохон доноруудын нэг. Тус банк манай улсад 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, дэд бүтэц, хот байгуулалт, санхүү, эрүүл мэнд зэрэг олон салбарын төсөл хөтөлбөрүүдийг хөнгөлөлттэй зээл, техникийн тусламж болон буцалтгүй тусламж олгох замаар Засгийн газартай хамтран хэрэгжүүлсээр байна.
АХБ эрүүл мэндийн салбарт өрх, сумын эмнэлгүүдийг байгуулах, хүний нөөцийг хөгжүүлэх, даатгалын тогтолцоог шинэчлэх томоохон төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажилладаг. Тус банкны санхүүжилттэй, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 (ЭМСХХ-5) төсөл энэ сард дуусна. Иймд энэ төслийн хүрээнд хийсэн ажлууд, хүрсэн үр дүн, онцлогийн талаар АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандрантай ярилцлаа.
-2014 онд эхэлсэн, ЭМСХХ-5 төсөл зургаан жилийн турш хэрэгжиж, одоо үр дүнгээ тайлагнаж байна. АХБ яагаад энэ төсөлд зээл олгон, дэмжих шийдвэр гаргасан бэ?
-АХБ сүүлийн 30 жилийн турш Монгол Улсын хөгжлийн гэрч болж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байдаг. Бид Засгийн газартай бүх салбарт хамтран ажилладаг. АХБ-ны хувьд ЭМСХХ-5 төсөл их чухал төсөл юм. Бид төслийн хүрээнд тодорхойлсон зорилтууддаа хүрсэндээ их баяртай байна. Энэ төсөл гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь улсын хэмжээнд цусны аюулгүй байдал, тогтолцоог бэхжүүлэх байв. Энэ зорилтод хүрэхийн тулд Цус, сэлбэлт судлалын үндэсний төвийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн байгуулсан. Тус төвийн барилга, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа нь үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Мөн төслөөр 21 аймгийн 26 цусны салбар банкинд хөрөнгө оруулалт хийж, шинэчлэн сайжруулсан.
Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, загвар нэгдсэн эмнэлэг болгоно. Эмнэлгийн мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад тасгийн амбулатор болон хэвтэн эмчлүүлэх хэсгийг холбож, шинэчлэл хийнэ.
Төслийн хоёр дахь зорилт нь эмнэлгийн хог хаягдлын зохицуулалтыг шинэчлэн, сайжруулах байсан. Энэ хүрээнд бид эмнэлгийн хог хаягдал түр хадгалах байрыг найман эмнэлгийн дэргэд барилаа. Эмнэлгүүд их хэмжээний хог хаягдал, тэр дундаа аюултай хог хаягдал гаргадаг. Тийм учраас энэ бүрэлдэхүүн хэсэг нэн чухал асуудлыг хөндсөн.
Төслийн гурав дахь зорилт нь эмнэлгийн эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 19 нян судлалын лабораторийг засаж тохижуулан, эмнэлгийн орчин дахь халдварын эрсдэлийг үнэлдэг, тархалтыг хянадаг тогтолцоог бүрдүүлсэн. Мөн хоёр болон гуравдугаар шатлалын бүх эмнэлгийн ариутгалын тасгуудын байр, тоног төхөөрөмжийг шинэчилсэн юм.
Эдгээр зорилтуудад хүрсний сацуу ЭМСХХ-5 төслийн өөр ач холбогдлууд бий. АХБ өнгөрсөн оны эхээр КОВИД-19 цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж эхлэхдээ хамгийн түрүүнд ЭМСХХ-5 төслийн үлдэгдэл хөрөнгийг дахин хуваарилах замаар нэн даруй арга хэмжээ авч, амьсгалын аппарат, агааржуулагч, тариур, шахуурга зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. ЭМСХХ-5 төслийн ачаар энэхүү ажлыг АХБ өнгөрсөн оны хоёрдугаар сард шуурхай авч хэрэгжүүлж, Засгийн газарт хамгийн түрүүнд яаралтай тусламж үзүүлж чадсан юм.
Түүнчлэн, АХБ өнгөрсөн оны тавдугаар сард ЭМСХХ-5 төслийн нэмэлт санхүүжилт болох 30 сая ам.долларыг баталсан. Тус нэмэлт санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Ковид-19-ийн оношилгоо, эмчилгээний чадавх сайжирсан юм. Ариутгалын тасгуудыг үлдсэн найман аймгийн эмнэлгүүдэд байгуулан, эрчимт эмчилгээний тасгууд, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн. Цаашлаад, эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах барихад тусламж үзүүлж эхлээд байна.
-ЭМСХХ төсөл цааш үргэлжлэх үү?
-АХБ эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь АХБ нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт 1990 оны эхээс л тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. ЭМСХХ-5 гэж нэрлэсэн шалтгаан нь АХБ-ны дэмжлэгтэй эрүүл мэндийн салбарт өмнө нь дөрвөн цуврал том төсөл хэрэгжсэн юм. Зургаа дахь төсөл хэрэгжиж дөнгөж эхэлж байна. Төслийг АХБ-ны Захирлуудын зөвлөл 2019 онд баталсан. Энэ төсөл нь гурван үе шаттайгаар арван жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны хөрөнгө оруулалтын төсөл юм. Төслийн хүрээнд Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эмнэлгүүдийн орчин нөхцөлийг сайжруулж, загвар нэгдсэн эмнэлэг болгох юм. Эмнэлгийн мэс засал, эх барих, эмэгтэйчүүд болон бусад тасгийн амбулатор болон хэвтэн эмчлүүлэх хэсгийг холбож, шинэчлэл хийнэ. Мөн Ховд, Увс аймгийн эмнэлгүүдэд хөрөнгө оруулахаас гадна эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоог сайжруулна.
Энэхүү төслөөс гадна АХБ эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төсвийн дэмжлэг болох бодлогын зээлийг Засгийн газартай хамтран боловсруулж байна. Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчлэлүүдийг энэхүү төслийн хүрээнд дэмжих юм. Сүүлийн үед хийгдэж байгаа шинэчлэлүүдийн нэг нь эмийн зохицуулалтын бие даасан агентлаг байгуулах шийдвэр юм. Мөн эмнэлгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр хийж буй шинэчлэл болон эмийн худалдан авалтыг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хийхэд чиглэсэн шинэчлэл зэргийг энэхүү бодлогын зээлээр дэмжинэ.
Эдгээрээс гадна эмийн аюулгүй байдал, халдварт бус өвчний эсрэг арга хэмжээг дэмжих зэрэг техникийн туслалцааны төслүүдийг мөн хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбар нь цаашдаа ч АХБ-ны хувьд чухал салбар байх болно.
-Та ЭМСХХ-5-ын үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ бол үлгэр жишээ, сайн төслүүдийн нэг. Засгийн газар, ЭМЯ, төслийг хамтран хэрэгжүүлсэн бүх байгууллага, эмнэлгүүдийн удирдлага болон эмч ажилчид, төслийн багийн уйгагүй зүтгэл, нягт хамтын ажиллагааны үр дүнд энэхүү төсөл маш амжилттай хэрэгжиж дуусаж байгаад баяртай байна. Өмнө дурдсан гурван бүрэлдэхүүн хэсэг болох цусны аюулгүй байдал, эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн хог хаягдлын удирдлага зэргийн хүрээнд тавьсан зорилтуудыг амжилттай биелүүлсэн гэж үзэж байна. Бид төслийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Түүнчлэн КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үүнд түрүүхэн дурдсан ариутгалын тасгуудын шинэчлэл, эрчимт эмчилгээний тасгууд, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах дэмжлэг болон эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах барих зэрэг нь цагаа олсон, нэн чухал үр дүнтэй ажил байсан. АХБ-ны дэмжлэгтэй Монголд маш амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг нь ЭМСХХ-5 мөн.
-Цаашид АХБ манай улсын эрүүл мэндийн салбарыг хэрхэн дэмжиж ажиллах вэ?
-Энэ өдрүүдэд хүн бүр КОВИД-19-ийн эсрэг вакцинд анхаарлаа хандуулж байна. Засгийн газар ойрын хугацаанд иргэдээ вакцинжуулахад хүчин чармайлт гарган ажиллаж байна. АХБ вакцины ханган нийлүүлэлт, Монголд авчирсны дараа иргэдийг вакцинжуулах зэрэгт Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ хүрээнд Засгийн газартай яриа хэлэлцээ хийсээр байна. Вакцинжуулалттай холбоотойгоор эрүүлийг хамгаалах ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх, хүйтэн хэлхээ бүхий агуулах байгууламж ба тээвэрлэлт зэрэг логистикийн тал дээр дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг олон чиглэлд анхаарч ажиллана.
Бид Засгийн газар болон бусад хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ямар вакцин сонгох, аль вакцин нь КОВАКС хөтөлбөрийн шаардлагуудын хангасан, вакцин ирсний дараа шуурхай вакцинжуулах тогтолцоо бэлэн байх зэрэг асуудлуудыг эрчимтэй хэлэлцэж, энэ тал дээр үйл ажиллагаа уялдуулан ажиллаж байна.
Ирэх жилүүдэд бид түрүүн дурдсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлүүдэд анхаарлаа хандуулна. Ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаас гадна дунд хугацааны салбарын хөгжлийн асуудлуудыг авч үзэх нь чухал. Өмнө дурдсан шинэчлэлүүд үр дүнтэй хэрэгжиж, ажил хэрэг болсноор иргэн бүрт хүрч үйлчлэх эрүүл мэндийн тогтолцоо бий болоход дөхөм болох юм. Эрүүл мэндийн үйлчилгээ бүх хүнд хүртээмжтэй байхын сацуу чанартай байх ёстой.
-АХБ КОВАКС хөтөлбөрийн түнш мөн үү?
-Хөгжиж буй орнуудад вакцин нийлүүлэх зорилготой КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн банк, ЮНИСЕФ нягт хамтран ажиллаж байгаа. АХБ мөн нэгдэн хамтран ажиллаж байна. Мөн АХБ Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамрагдахад дэмжлэг үзүүлэхэд зориулж 9 тэрбум ам.долларын АПВАКС хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авах боломжтой. Одоогийн байдлаар бид Засгийн газар болон бусад хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ямар вакцин сонгох, аль вакцин нь КОВАКС хөтөлбөрийн шаардлагуудын хангасан, вакцин ирсний дараа шуурхай вакцинжуулах тогтолцоо бэлэн байх зэрэг асуудлуудыг эрчимтэй хэлэлцэж, энэ тал дээр үйл ажиллагаа уялдуулан ажиллаж байна.
-ЭМСХХ-5-ын үр дүнг бататгахын тулд ЭМЯ ямар ажлуудыг үргэлжлүүлэн хийх ёстой вэ?
-Засгийн газар манлайлал үзүүлж ажиллаагүй бол, төслийн сайн баг байгаагүй бол энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй байсан. Энэ төсөл бидэнд дараа дараагийн эрүүл мэндийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх жишиг болсон. Цар тахлын улмаас эрүүл мэндийн салбарын хөгжил хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Халдварт болон халдварт бус өвчнийг тойрсон суурь асуудлууд шийдэгдээгүй хэвээр байгаа.
Энэ ч утгаараа Монгол Улс эрүүл мэндийн салбартаа цаашид ч анхаарч, хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлага бий. АХБ хувьд эрүүл мэндийн салбарын бүх асуудалд анхаарлаа хандуулан ажиллахад бэлэн байна. Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, эмнэлгүүдийн оношлогоо, эмчилгээний чадавхийг дээшлүүлэх, мөн эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх, бэхжүүлэх зэрэгт Засгийн газар болон хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна.
-Танд баярлалаа.