Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хоорондын олон талт хамтын ажиллагаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд ‘’Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр 2013 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага хамрагдаж байгаа бөгөөд эмнэлгүүдийн төвлөрсөн ариутгалын тасгуудыг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчимд тулгуурласан зөв зохион байгуулалт, агааржуулалтын систем бүхий дэд бүтэцтэй болгож, багаж угаах, халдваргүйжүүлэх, савлах, ариутгах дамжлагуудыг автоматжуулах орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр хангаж, нийт 66,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шинэчлэлийг хийлээ.
Өнөөдөр ЭМСХХ-5 төслийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хийсэн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Энэ төслийн хүрээнд тус төвийн Хүүхдийн эмнэлэг болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгуудийн барилгын их засвар (807,3 сая төгрөг), 13 нэр төрлийн 34 ширхэг (927,5 сая төгрөгийн) шинэ тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх ажлууд хийгдсэн.
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ Ковид-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн онцоллоо.
АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран “энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ариутгалын тасгууд олон улсын шаардлагыг хангасан түвшинд ажиллах боломж бүрдэж байгаа болон үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг” онцлон тэмдэглэсэн.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “тус эмнэлэг үндэсний хэмжээнд эх хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ачаалал ихтэй бөгөөд онош тодорхойгүй хүндэрсэн бүх тохиолдлыг эмчилдэг тул эмнэлгээс шалтгаалсан эрсдлүүд их байдгыг онцлоод энэхүү засвар шинэчлэлээр барилгын иж бүрэн их засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан”-д баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газрын ЭМНХ ахлах мэргэжилтэн Ж. Алтантуяа, ЭМХХ 4,5,6 нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч А.Мөнхтайван нарыг ЭХЭМҮТ байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар шагнаж, төслийн хамт олон талархал гардууллаа.
[gallery][img]http://hsdp.unicon.mn/public/image/original/14.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/DSC_0254.JPG[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/DSC_03131.JPG[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/DSC_0346.JPG[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/PHOTO-3.jpg[/img][desc][/desc]
[img]http://hsdp.unicon.mn/public/image/original/DSC_0338.JPG[/img][desc][/desc]
[/gallery]