“Үндэсний түргэн тусламжийн сүлжээний бүтэц, зохион байгуулалт” үндэсний хэлэлцүүлэг уулзалт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны А/104 дүгээр тушаалын дагуу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л. Төмөрбатаар нээж, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны зөвлөх, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Эрчимт эмчилгээ судлал, Яаралтай тусламж судлалын салбар, Гэмтэл согог судлалын салбар зэрэг ЭМЯ-ны мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн, нэгдсэн эмнэлгийн дарга, орлогч дарга нар, 21 аймгийн яаралтай тусламжийн эмч нар нийт 70 хүн оролцов.
Хэлэлцүүлгээр эмнэлэг хүртэлх тусламжийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид үндэслэсэн үндэсний хэмжээнд түргэн тусламжийн сүлжээний бүтэц, зохион байгуулалтын концепц, агаарын түргэн тусламжийн өнөөгийн зохион байгуулалт, сайжруулах арга зам, түргэн тусламжийн гардан үйлдлийн протоколууд болон түргэн тусламж, харилцаа холбоо, сургалтын тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлага зэрэг асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов.
Оролцогчдын зүгээс үндэсний хэмжээнд түргэн тусламжийн сүлжээний бүтэц, зохион байгуулалтын концепцийн саналыг дэмжиж, нэмэлтээр яаралтай тусламжийн клиник байгуулах, түүний бүтэц, зохион байгуулалт, үүрэг хариуцлагыг тодруулах, сум дундын статустай 31 эмнэлгийг яаралтай тусламжийн бүтцэд тусгах, шатлал бүрийн яаралтай тусламжийн онцлогийг тодорхой болгох, агаарын татан авалт, түүнийг зохион байгуулах арга замыг судлан төгсгөх, парамедикийн тусламжийг нэвтрүүлэх, эрх зүйн орчныг бий болгох, түргэний дуудлагад санхүүгийн хөшүүрэг бий болгох асуудлыг чухалчлан ярилцав.