ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд хэрэгжиж буй Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд шинээр Өрхийн эрүүл мэндийн төв баригдахаар холбогдох ажлууд хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд СХД-н 26-р хорооны иргэдэд төслийн мэдээллийг хүргэх зорилгоор 2024 оны 9 дүгээр сарын 11 өдөр Нэгдсэн Төсөл хэрэгжүүлэх нэгж болон СХД-ийн ЗДТГ хамтран зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Уг зөвлөлдөх уулзалтаар хорооны иргэдэд баригдах ӨЭМТ-ийн барилгын мэдээлэл, АХБ-аас баримтлах нийгмийн хамгаалал болон байгаль орчны хамгааллын бодлогууд, санал хүсэлт шийдвэрлэх журмын танилцуулга зэргийг хүргэж, тэдний санал бодлыг сонсож ажиллав.
Уулзалтанд СХД-ын орлогч дарга, СХД-ийн эрүүл мэндийн төвийн орлогч дарга, Нийгмийн бодлогын хэлтэс, 26-р хорооны ӨЭМТ, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженер, газрын асуудал хариуцсан зөвлөх, байгаль орчны зөвлөх, хорооны иргэд зэрэг 50 гаруй хүн оролцсон маш үр дүнтэй уулзалт боллоо.