МХЕГ-ЫН ЭМИЙН ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ ISO17025:2005 СТАНДАРТААР ОЛОН УЛСАД ИТГЭМЖЛЭГДЛЭЭ





Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй  Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатор (ЭХЛ)-ийг тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, чадавхийн хувьд олон улсын түвшинд нийцүүлэх, ISO/IEC17025:2005 стандартын дагуу олон улсад итгэмжлүүлэх ажил 2012 оноос эхэлсэн билээ.

Төслийн зүгээс тус лабораторид өндөр идэвхт шингэний болон хийн хроматографи, атом шингээлтийн спектроскопи, нил улаан туяаны спектрофотометр, антибиотикийн идэвхийг тодорхойлох багаж зэрэг эмийн шинжилгээний хамгийн орчин үеийн 51 төрлийн 118 ширхэг аппарат тоног төхөөрөмж,  20 гаруй төрлийн урвалж бодис, стандарт омог өсгөвөр, АНУ-ын фармакопей (USP36 NF31), Их Британы фармакопей (BP 2013), Европын фармакопей зэрэг гарын авлага, лавлагаа материалыг нийлүүлснээр тус лаборатори ДЭМБ-ын эмийн хяналтын жишиг лабораторийн хэмжээнд ажиллах болсон бөгөөд лабораторийн техникийн ажилтнуудын ажлын байрны болон танхимын сургалтууд; лабораторийн удирдах ажилтнуудад зориулсан бүс нутгийн ижил төстэй  лабораторийн олон улсын итгэмжлэл, ДЭМБ-ын лабораторийн урьдчилсан үнэлгээнд хамрагдсан туршлага судлах, чанарын удирдлагын тогтолцооны бүтэц, агуулга, хэрэгжилт, баримт бичгийн бүрдэлтийн байдалтай танилцах аялал; эм шинжлэгчдийг шинжилгээний нарийн арга аргачлалд дадлагажуулах сургалтыг төслийн дэмжлэгтэйгээр тус тус зохион байгуулсан юм.

  • СЯ 2015 оны 12 дугаарын сард ЭХЛ-ийг ISO/IEC17025:2005 стандартын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллага ANAB-тай гэрээ байгуулан ажилласан. Итгэмжлэлийн үнэлгээг 2015 оны 2 дугаар сараас 9 дүгээр сард бичиг баримтын үнэлгээ, ажлын байран дээрх урьдчилсан болон төгсгөлийн үнэлгээ гэсэн 3 үе шаттайгаар явуулсан бөгөөд 2015 оны 12 сарын 18-нд АНУ-ын ANAB итгэмжлэлийн байгууллагын итгэмжлэл хариуцсан захирлын шийдвэрээр тус лабораторид итгэмжлэл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэж АТ-2017 тоот ISO/IEC17025:2005 стандартын итгэмжлэлийн олон улсын гэрчилгээ олгосон байна. 

Эмийн хяналтын лабораторид ISO/IEC17025:2005 стандартын итгэмжлэлийн олон улсын гэрчилгээ гардуулах арга хэмжээ 2015 оны 12 дугаар сарын 22-нд МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн хурлын танхимд зохион байгуулагдаж  ЭССЯ-ны ЭМБХЗГ-ын дарга О.Баяр,  АХБ-ны Суурин төлөөлөгч, Ноен Роберт Шоллхаммер, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч, Доктор Су Ньюунт-У,  МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд,  ЭМСХХ-4 ба 5 нэгдсэн төслийн зохицуулагч А.Мөнхтайван нар үг хэлж, итгэмжлэлийн олон улсын гэрчилгээг ANAB-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ лабораторийн удирдлагад  гардуулан өгөв  . Уг арга хэмжээнд ЭМСЯ, МХЕГ, СХЗГ, АХБ, ДЭМБ, ЭМСХХ-4 төсөл, ЭМХТ, ЭЗА, ЭМСЯ-ны Хүний эмийн зөвлөл, Фармакопейн хороо, эм зүйн мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол