“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах нь” Үндэсний чуулга уулзалт 2015 оны 1-р сарын 16-нд болж эм зүйн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 төлөөлөгч оролцов. Энэхүү үндэсний чуулга уулзалт Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх бүрэлдэхүүний хүрээнд зохион байгуулагдлаа.
Үндэсний чуулгыг Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба нээж үгэндээ төр засгийн зүгээс эмэнд тавих хяналт, зохицуулалтыг боловсронгүй болгох, эмийн аюулгүй байдлын нэгдсэн цахим тогтолцоог нэвтрүүлж, улмаар хүн амыг аюулгүй, баталгаатай эмээр хангаж, эмийг жороор олгож түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүднээс “Эмийн чанар, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцооны систем”-ийг нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар дэмжин, бэлтгэл ажил хангагдаж буй талаар болон Шийдлийн Засгийн газраас өндөр хөгжилтэй орнуудын шинэ дэвшилтэт технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх, эмийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж, эмийн хатуу зохицуулалттай орнуудад бүртгэсэн эмийг богино хугацаанд, чирэгдэлгүй бүртгэж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар дурьдан эм зүйн салбарын нийт ажилтан, ажиллагсдад мэргэжилдээ үнэнч байж, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогыг ойлгож, дэмжин ажилладагт талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АХБ-ны суурин төлөөлөгч Роберт Шоллхаммер, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Д-р. Су Ньюнт У нар баяр хүргэж үг хэлэв.
Үндэсний чуулга уулзалтад Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үндсэн зарчим”, АХБ-ны Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч В.Банненберг “Эмийн зохицуулалт, засаглалын олон улсын чиг хандлага”, МХЕГ-ын дарга Д.Батмөнх “Эмийн чанар, аюулгүй байдлын хяналт”, Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат “Нийслэлийн эмийн сангийн өнөөгийн байдал, шинэчлэлийн асуудалд”, ЭМСЯ-ны Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх асуудалд”, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба “Эмийн бодлогын хэрэгжилтийг хангахад Эм зүйн байгууллагуудын оролцоо”, ЭМСЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга Д.Энхжаргал “Эм зүйн салбарын хүний нөөц, судалгаа шинжилгээний чадавхийг бэхжүүлэх асуудалд” илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэв. Чуулганы төлөөлөгчид хурлын завсарлагаанаар эм хангамжийн байгууллагуудаас гаргасан дотооддоо үйлдвэрлэж буй болон импортлон оруулж ирж буй эм эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.