Мэндчилгээ





Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -3 төсөл” (“ЭМСХХ-3 төсөл”) -ийн цахим  хуудсаар зочилж байгаад талархал илэрхийлье. 

“ЭМСХХ-3 төсөл” нь АХБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа анхны хөтөлбөр биш гэдгийг та бүгд мэднэ. Тус банктай байгуулсан урт хугацааны түншлэлийн хүрээнд манай улс орны нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн үед тус банкнаас олгосон хөнгөлөлттэй зээлээр ЭМСХХ-ийг 1997 -2002 онд хэрэгжүүлж, харин ЭМСХХ -2 –ыг 2003 оноос эхлэн одоог хүртэл хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон тооны нэн чухал шинэчлэлийг хийснээс өрхийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлснийг дурдахад л эдгээр хөтөлбөрийн хүрсэн үр дүнг хангалттай илтгэнэ гэж бодож байна.  

“ЭМСХХ -3 төсөл” нь АХБ-ны зээлээр бус, 14 сая долларын буцалтгүй тусламжаар 5 жилийн хугацаатай хэрэгжинэ. Бидний төлөвлөснөөр уг хөтөлбөр нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд, Эрүүл мэндийн салбарын стратегийн мастер төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулагдсан бөгөөд эдгээрийг хэрэгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах болно. Үүнд

1) Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх,

2) Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох,

3) Хүний нөөцийн хөгжил,

4) Салбарын хөгжил, менежментийг дэмжих үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Эдгээр дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа өмнөх хөтөлбөрийн явцад суурийг нь амжилттай тавьсан эрүүл мэндийн салбарын өөрчлөлт шинэчлэлтийг бодлогын түвшинд цаашид үргэлжлүүлэн хөгжүүлж, мөн өмнөх хөтөлбөрт хамрагдаагүй 5 аймаг, 2 дүүргийн анхан болон хоёрдугаар шатлалын тусламж үйлчилгээг  сайжруулахад багагүй хувь нэмрийг оруулна гэж бид найдаж байгаа. Мөн аливаа үйл ажиллагаандаа олон нийт, орон нутгийн засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулж, хамтран ажиллахын зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үүнийг хүртэхэд бэрхшээлтэй учирч байгаа хүмүүст ойртуулахад анхаарна.  

Манай төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төсөл хэрэгжүүлэх нэгжид хандаарай.


PARTNER ORGANIZATIONS

For more information about us